Хүннүчүүд нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, төв азид анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан нүүдэлчин ард түмэн билээ. Хүн гүрэн нь ид мандаж байх үедээ дэлхийн хэмжээний их гүрэн болсон ба дэлхийн түүхэнд ул мөрөө үлдээсэн монголчуудын эртний удам угсаа юм. Хүн гүрний их хаадыг “шаньюй” гэж нэрлэж, цоллож байсан гэж эртний хятадын түүхийн зохиолууд, сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн байдаг. Энэ “шанью” гэх үг нь Хүннүчүүдийн үг мөн бөгөөд “Их өргөн” гэсэн утгатай юм. Хүннүчүүдийг монголчуудийн өвөг дээдэс мөн гэж зарим түүхчид үздэг харин зарим нь биш гэж үздэг байна. Хэрвээ монголчууд Хүннүчүүдээс гарал, үүсэлтэй бол монголчуудын ардын аман зохиолд Хүннүүчүүдээс ямар нэгэн үлгэр, туульс хадгалагдан үлдсэн байх ёстой билээ. Монголчуудын ардын аман зохиолд хоёр мянга орчим жилийн өмнөөс хадгалагдан үлдсэн зүйл байна уу? байна аа. Ихэрэд-булагад буриадуудад Хүннүчүүдтэй холбогдох ба тэднээс үлдсэн байж болох талтай “Нарин хүзүү Гүлдэмэй” хэмээх нэгэн үлгэр, домог байдаг байна. Энэ үлгэрт нэгэн хаан хүүгийн тухай өгүүлдэг. Хаан хүүгийн авга ах нь өөрийн хүүгээ хаан ширээнд суулгахыг санаархан янз бүрийн хуйвалдаан зохион байгуулж хааныг нас барсаны дараа нь хаан хүүг хөнөөдөг. Хороогдсон хаан хүүгийн том болсон хоёр хөвгүүд нь эцгийгээ ид шидийн хүчээр амь оруулдаг байна. Амь орсон хаан хүү муу санаат авга ах Хара Дулдайгийн талынхныг ялан хаан ширээндээ суун амар сайхандаа жаргадаг. Хамгийн сонирхолтой нь энэ домогт гардаг хаан хүүгийн цол нь “нашин хүбүүн шаньюдай” (начин хөвгүүн шаньюдай ) гэж байгаа нь. Б.С.Дугаров энэ үлгэрийн “шаньюдай” гэх үгийг эртний хүннүчүүдын хааны цол болох “шанью” гэдэг үгнээс гаралтай үг мөн гэж үздэг. Шанью гэх цол нь Хүннүчүдийн түүхийн бүх цаг үед хэрэглэж байсан цол юм. Хүннү гээс хойш ч зарим улс түмнүүд энэ цолыг хэрэглэж байсан гэдэг. Энэ буриад үлгэр домогт Хүннүгийн хаадын “шанью” цол нь хойно “-дай” дагавартай хэллэгдэж байгаа нь МНТовчоонд тэмдэглэгдэн үлдсэн эртний Монгол хүмүүсийн нэрсийг санагдуулж байна. Жишээ нь Баргудай, Бааридай, Боржигадай, Баадай, Хорилардай, Мангудай, Ноёгидай, Цагаадай гэх мэт... Цаг хугацааны хувьд эдгээр хүмүүсийн нэрс манай он тооллын нэгдүгээр мянганы хоёрдугаар хэсэгт хамаарах юм мөн. Хүн гүрнээс хойш хэдхэн зуун жилийн дараа болсон үйл явдлуудын баатрууд юм. Дээрх түүхэн баатруудын үед хүннүчүүдийн хаадын “шанью” цол хэрэглэгдэж байсан үе юм. Харин хаан хүүг “шаньюдай” гэж нэрлэж цоллож байгаа нь эртний монгол хэл хэллэгийн дагуу байна. “Нашин хүбүүн шаньюдай” гэдэг нь Хүн гүрний үеийн үг хэллэг цол байж болох юм.