Monday, October 17, 2011

Ж. Цэвээн,Б. Ринчен нарын Чингис хааны тайлга тахилгын тухай бичсэн тэмдэглэлүүд



                                     
                                     Эзэн Богд Чингис хаганы тайлга тахилгын ёслол
                               "Болд төмөр зүрхэт баатар Ордос түмэн"  шар Дархадууд
                                    
                                          
                                                                                          
                                                Цагаан сүргийн их тайлга (1910)-д
                                               Жамсраны Цэвээн биеэр оролцож 
                                                          бичсэн тэмдэглэл

    Их тайлга ойртох тусам дархадууд маш их ажилтай, зав чөлөө муутай боллоо. Тал тал тийш нь элч довтолгон, зочид, гийчдийг угтан авч, тайлгын бэлтгэл ажил хийцгээнэ. Тайлгад ирж байгаа хол ойрын хэн ч гэсэн өөрийн урагтай болж хожим хойно хэзээ ч ирсэн тэр "ургийндаа" буудаг заншил энд байдаг юм байна. Тайлгад өргөх мөнгө болон бусад бүх зүйлээ энэ урагтаа гардуулна. Ураг нь ирсэн айлчныхаа Чингисийн онгонд мөргөх бүх зүйлийг хариуцан шийдвэрлэнэ. Хэдэн арван мянган хүн энд хуран цуглардаг бөгөөд Эзэн хороонд байгаа дархад айл цөөхөн тул их хэмжээний өргөл барьц дархадуудад ордог байна. Тиймээс дархадууд ирсэн зочиндоо, ялангуяа баян чинээлэг хүмүүст ихээхэн анхаарал халамжтай хандах ажээ. Мөн миний мэтийн анх ирж байгаа хүмүүс олон, тэднийг ч аль болохоор биедэ татаж өөрийн зочин болгохыг хичээнэ. Тайлгачид 17-ны өдрөөс тал талаас хуран цугларч эхэлдэг, жинхэнэ тайлга нь 21-ний өдөр болдог юм байна. 18-20-ны өдрүүдэд Эзэн хорооноос зүүн хойш Баян Цанхуг голын хөвөөнд бүх онгон шүтээнийг залж авчран байрлуулна. 17-ны өдөр Чингисийн хоёрдахь хатан Хулангийн ордныг (шүтээн) залж авчрав. Энэ бол тэргэн дээр үүдийг нь урагш харуулан барьсан шар торгон бүрээстэй цомцог юм. Ордныг дөрвөн туг, хоёр дарцаг барьсан арван морьтон дагалджээ. Ордон залсан цувааг харсан дархадууд алсаас сөгдөн сууж, хичээнгүйлэн залбиран мөргөцгөөж байв. Хулан хатны ордон Чингисийн ордны ар талаар тойрон гараад зүүн талд нь арай хойхнуур зэрэгцэн буулаа. Энэ ордон энд саатан хоноод маргааш өдөр нь Чингисийн ордонтой хамт их тайлгын газарт залагдан очих юм байна. Чингисийн шүтээнийг залахад зориулан бүр 13-ны өдөр гурван цагаан тэмээ авчирсан билээ. Энэ нь түүхэнд гардаг тэр алдарт сүргийн удам юм гэнэ. Тэр тэмээг "онгон тэмээ" хэмээн ихээхэн хүндэтгэн арц хүж уугиулан угтлаа. Тэр ч байтугай тэмээг Дархадын дарга угтан авч товчхон ерөөл уншаад "Эзэн Чингис цагаан тэмээгээрээ залрая хэмээн зарлиг боллоо" гэж том цагаан атанд хандан хэлэв. 18-ны өдөр боллоо, өглөө эртлэн дархадууд Чингисийн цомцог ордны дэргэд цугларлаа. Жигийд нүүлгэн тав алдуулах болсондоо хүлцэл өчих хонин өтөг сархад зэргийг өргөх ёслол үйлдэв. Ёслол үйлдсэний дараа пүүсүү бүрээстэй тусгай цомцог гэрийг том тэргэн дээр тавилаа. Ордноос Чингисийн онгоныг гаргаж энэ гэр дотор байрлуулан залах ажээ. Энд цугларсан бүх хүн Чингисийн ордон руу харан сөгдөж сууцгаалаа. Давхар цомцог ордноос Чингис болон түүний их хатны нандин шүтээн бүхий мөнгөн авдрыг өргөн гаргаж ирлээ. Түүнийг ар араасаа цувран сөгдсөн олон мөргөлчдийн толгой дээгүүр залан өнгөрлөө. Ийнхүү Чингисийн онгоныг залахад мөргөлчид онгон шүтээний доогуур гарахыг шургах гэдэг юм байна. Энэ бол шүтээнд мөргөж соёрхогдох нэгэн заншил ажээ. Авдрын араас мөнгөн нум саадаг хормосогыг залж гаргалаа. Авдрыг бэлтгэсэн цомцогт байрлуулж нум саадгийг нэг дархад хүн хүлээн авлаа. Үүний дараа уг тэргэнд гурван цагаан тэмээг хөллөн цуван хөдөллөө. Тэрэгний араас хааны шар торгон шүхэр барьсан дархад дагалдаж, түүний араас туг хиар залав. Мөн дөрвөн шарга морь хөтлөн яваагийн хоёр нь Чингисийнх, хоёр нь хатных юм гэнэ. Энэ цувааны баруун зүүн хоёр талаар үй олон хүн дагалдан хөдөллөө. Хааны шүтээний араас Хулан хатны шүтээн нэлээд зайтай дагалдан явна. Энэ их цувааг харахад сүр жавхлантай, үнэхээр үзэмж төгс сайхан байлаа. Их тайлгын газарт (жигийлэх газарт) урьд өдөр нь Зүүн гар хошуунаас заларсан хоёр бага хатан Есүй, Есүгэн хоёр Чингисийг угтан авлаа. Энэ эгч дүү хоёр хатны ордон хэмжээгээр арай бага бөгөөд улаан торгон бүрээстэй Хулан хатан Есүй Есүгэн (нэг гэрт хамт суудаг төрсөн эгч дүү хоёр) нар Чингисийн цомцог ордны ар талаар тойрон зүүн талд нь гарч эхлээд Хулан хатан түүний цаахан талд Зүүн гарын эзэн (Есүй Есүгэн хоёрын ордон Зүүнгар хошуунд байдаг тул дархадууд түүнийг Зүүнгарын эзэн гэж нэрлэдэг) буулаа. Ордон гэрүүдийг тэргэн дээрээс буулгаж ногоон зүлгэн дээр барилаа. Цомцог буюу Чингисийн ордныг шар улаан өнгийн эдээр бүрлээ. Туслах чанарын хэрэгслүүдийг урьдаар төвхнүүлсэн байв. Шинэ газарт барьсан цомцог ордон хуучин байнгын буурин дээрх ордонтой адилхан харин тусгай талбай байхгүй шинэхэн ногоон зүлгэн дээр баригдсан харагдаж байлаа. Цомцог ордноос баруун хойш зургаа орчим сажин зайтай газарт бага гэр барьж дотор нь “эзэн хор” буюу Чингис хааны нум сумыг байрлуулав.
"Эзэн хор"-ын өмнө дөрвөн шарга морь хөтөлсөн агтчид бууж, морьдын эмээлийг авч газар тавив. Цомцог ордны ар талд тэрэг тэмээг байрлуулав. Түүнээс зүүн хойш ойрхон гал тогоог (сангийн өргөө) байрлуулав. Түүнээс зүүн тийш цомцог ордонтой бараг нэг
шугам дээр Хулан хатан, Зүүнгар эзний орднуудыг байрлуулжээ.
     Бүх гэрийн үүдийг өмнө зүг харуулжээ. Эндээс зүүн урагш зуугаад сажин газарт гүүн зэл үргэлжилнэ. Энд Өндгөн цагааны уяа босголоо. Өндгөн цагааны уяа гүүн зэлээс хойш "бор өндөр" хэмээх эсүгийн хөнөгийг байрлуулав. Цомцог ордноос хойш хорин тав орчим сажин зайтай дархадуудын гэр ярайн харагдана. Голд нь даргын гэр, түүний баруун зүүн хоёр талаар бусад дархадын гэр эгнэсэн байх ажээ. Дархад хотны ар талд мөргөлчин олны гэр майхан, түүний цаад талд ноёд тайж нар, тэдний бараа бологсод буужээ. Зүүн дэнжийн цаад талд хятадын зах шуугиур, түүнээс урагш мөн мөргөлчин олон шүтэн буудаллажээ. Их тайлгын газар буюу жигийд жигийлсэн ерөнхий байдал ийм байлаа. Ордон шүтээнүүдийг байрлуулж дуусмагц энгийн цагийн, өөрөөр хэлбэл хувь хүмүүсийн мөргөл эхэллээ. Мөргөл үйлдэх журам дэглэмийг хэлбэл: буусан дархад айлдаа хэлж мөргөлийн жагсаалтанд нэрээ бичүүлэн зохих хэмжээний мөнгө төлнө. Хониор тайлга хийх бол 3-5 лан, цагаан идээгээр бол 1-3 лан, адуугаар тайх бол 20 лан мөнгө өгөх жишээтэй. Мөнгөний хэмжээ ийнхүү дээш доош хэлбэлздэг нь мөргөлчний өглөгийн сэтгэл дархадын овсгоо самбаанаас шалтгаалдаг аж. Дархад айлын орлогын эх үүсвэр энэ бөгөөд жилийн санхүү нь үүнээс бүрдэх тул авхаалжтай дархад ахиухан өргөл хандив гаргуулан авч чадцаг байна. Жагсаалтанд нэрээ бичүүлэхийн хамт мэргэ төлгө тавиулах эсэхээ мэдэгдэнэ. Мэргэ төлгө тавиулах бол тусгайлан өргөл барьж өргөнө. 21-ний өдөр дархад хүн болгон мэргэч төлгөч болж Чингисийн сүнсний айлдварыг тайлбарладаг байна. Мэргэ төлгө тавиулах асуултыг тусгай цаасан дээр бичиж Чингисийн онгоны өмнөх ширээн дээр тавина. Үдэш нь дархад хүн ирж хариуг нь өөр цаасан дээр бичээд асуултын эзэнд гардуулан өгнө. Энэ хариуг Чингис хаан өөрөө бичсэн гэж олон түмэн ярилцдаг юм байна. Өвчтөн, юмаа алдсан хүн, гэр бүл бологсод, аян жинд мордох хүн, худаг ухах хүн, чоно нохойноос хамгаалуулах гэсэн хүн, хэн ч гэсэн юуны тухай мэргэлүүлж болно. Энэ бүх асуултад дархадууд цөм хариу өгнө. Мөргөлийн жагсаалтад нэрээ бичүүлж мэргэлүүлэх сэдвээ хэлж бичүүлсэн хүн эхлээд Чингисийн онгон, дараа нь хор саадгийн ордон, эмээл морьдод мөргөж гороолон явна. Энэ замд мөн хасаг тэргэнд, тэмээнд мөргөнө. Энд бяцхан хүүхдүүд ерөөл хэлж байх бөгөөд ерөөл сонсон баяссан мөргөлчид тэдэнд зоос мөнгө бэлэглэнэ. Эндээс цааш явж гал тогоонд хүрч, түүний ар талд тавиастай байгаа ширмэн тогоонд бас зоос хийх хэрэгтэй. Үүний дараа Хулан хатан Зүүнгарын эзний ордонд мөргөнө. Хатадын онгон шүтээнд мөргөх
ёслол Чингисийн онгоныхтой адил зул хүж өргөж сархад идээ бapaaraap тайлга тайна. Хониор ч тайлга тайж болно. Дуучид магтаал дуу дуулж байна. Хатдын ордон давхар бус, онгон шүтээн нь мөн л мөнгөлсөн авдар байдаг юм байна. Энэ авдарт хатдын хувцас хунар байдаг гэнэ. Хатдын ордноос гараад "бор өндөр", бор өндрөөс өндгөн цагаанд, өндгөн цагаанаас алтан гадаст очиж мөргөнө. Энэ бол Чингисийн морины уяаны алтан гадсыг орлон хөдөлгөөнгүй зогсч байдаг хүн юм. Энэ хүний өвөг дээдэс жинхэнэ алтан гадсыг алдаж осолдсон учраас тайлгын өдөр тийнхүү гадас болон зогсч байх ёстой болсон гэнэ.
     Гороолон мөргөл үйлдсэний дараа удирдан дагуулагч дархад хүний гүйцэтгэх үүрэг шувтарна. Эмэгтэйчүүд голдуу хатдын онгонд мөргөдгийг хэлэх хэрэгтэй. Чингисийн онгон шүтээнд эм хүйтэй хүнийг хавьтуулдаггүй юм байна.
     Чингисийн онгонд мөргөж тайлга тайхад оролцох хүсэлтэй хүн өдий төдий ирдэг учраас тайлга тахих хонь, адууны тоо олон зууд хүрдэг, зарим жилд мянгаад толгой болдог гэнэ. 20 болон 21-ний өдрүүдэд болдог тогтоол ёсны жинхэнэ тайлгад хоёр адуу, хорин  хонь хэрэглэдэг гэнэ. Их тайлгын өмнөх өдөр буюу 20-ны өдөр, Тулуйн шүтээнийг хамгаалагчид Хангин хошуунаас ирлээ, тэд их тайлгад гол үүрэг гүйцэтгэдэг юм байна. Дараа нь Отог хошуунаас 'Алтан гадас" мөн Чингисийн “Хар сүлд”, “Байлдааны бүрээг” сахин хамгаалагчид ирлээ. 20-ноос 21-нд шилжих шөнө болдог “гарилын” гэдэг онцгой тайлга, даллагад хэрэглэх тусгай бэлтгэсэн модыг Зүүн гар хошуунаас авчирлаа.

     Энэ тайлга даллагын тухай товчхон өгүүлье.

    20-ны шөнө дунд Тулуй эзний шүтээний тэндээс тусгай хүмүүс ирж Чингисийн цомцог доторх зулаас бамбар асааж аваад хорооноос хойт зүгт орших “Гарилын суу” хэмээх тал газар руу давхилдан одов. Тэнд Чингисийн удмынхны гал голомтыг тахих онцгой бөгөөд нууцгай ёслол болдог бололтой. Энэ онцгой ёслолд дархадуудаас гадна жонон, түүнийг төлөөлөх хүн дагалдагчдынхаа хамт оролцохоос бусад хүн оролцдоггүй юм байна. Энэ тайлгад арав хүртэл хонь хэрэглэнэ. Мөн Хуагчин эмгэнд тахил өргөдөг ажээ. Мэргэд гэнэдүүлэн довтлоход сонор соргогоор мэдэж Чингисийг Бурхан Халдун ууланд дутаалган авардаг тэр Хуагчин эмгэн шүү дээ. "Юань төрийн нууц түүх" хятадаар "Юань-чао би-ши"-д өгуүлснээр Чингис тэр эмгэний тухай "солонго мэт сонсох соргог Хуагчины сонссоны хүчээр, үен мэт үзэх үнэнч Хуагчины үзсэний ачаар аюулт дайснаас амжин дутааж чадлаа" гээд цааш нь "Өшөөт дайснаас өршөөн аварч өнчин бидний өмөг болсон өндөр дээд Бурхан Халдун чамайг өглөө бүр мялааж өдөр бүр тахиж байя. Үрийн үрд үргэлж тахиж үе тутам үргэлж шүтье" хэмээн өчил өчиж сацал сацдаг. Ингэж тахиж шүтэхийг андгайлсан явдал бас Хуагчин эмгэнд ч хамаатай байсан байж болох талтай. Хэрэв тийм бол энэ гарилын сууд үйлдсэн ёслол түүнд зориулагдсан байж болох юм. Энэ тайлга ёслолын үеэр гарилын дуу дуулж "Алтан бичгээс" дуудан уншдаг гэнэ. Тайлгын шүүсний махны нэг хэсэг нь заллагад хэрэглэгдэж, үлдсэн хэсгийг хүндэтгэлийн зоог болгон хэрэглэдэг ажээ. Хонины ясны тодорхой нэг хэсгийг, Зүүнгар хошуунаас тусгайлан бэлдэж авчирсан тусгай модыг ес есөөр гурван хэсэг өрж асаасан гал дээр шатаана. Энэ хэсэг галыг дээр өгүүлсэн бамбарын галаар асаана. Мөн энэ үеэр шившлэгийн хонины гэдэс дотроор шинжин мэргэлдгийг хэлэх хэрэгтэй. Тэр шившлэгийн хонийг гаргасны дараа гэдсийг нь яраад гэдэс дотрын өнгө зүс, байрлал зэргийг шинжин үздэг байна. Баас нь шуурхайдаа дүүрэн, элэг цөс нь өнгөтэй бол сайн гэж дүгнэдэг байна. Энэ шинжих мэргэлэх ажиллагааг ерөөлч хэмээх тусгай хүн гүйцэтгэнэ. Гарилын тайлга дуусмагц бамбараа барин цөмөөрөө Эзэн хороо руу давхилдана. Энэ үед тэд нэлээд ам халсан байлаа. Эзэн хороонд ирээд бамбарыг галчид өгөхөд галч тэр бамбараар Чингисийн цомцог дахь зулыг бадраагаад бамбараа голомт дотор тавина. Ийнхүү Чингис Тулуй хоёр болон тэдний үе удмынхны гал голомтыг холбон, нэг галаар бадраан дэгжээж байгаа хэрэг юм. Монгол ёсонд эцгийн голомтыг отгон хүү сахин суудаг учиртай. Тиймэс ч Чингисийн их гүрнээс эх нутгаа Тулуй сахин суусныг бид мэдэх билээ. Гарилын тайлгыг чандлан нууцалдаг болохоор энэ ёслолтой нарийн тодорхой танилцаж чадсангүй. "Алтан бичгээс" олж үзсэнгүй. Гэвч жинхэнэ бөөгийн ёсны айл гэрийн онгон сахиусыг (эмгэн) тахидаг ёслол байгаа болов уу гэж тааварлаж байна. Хэрвээ энэ таавар минь зөв бол Хуагчин эмгэний гавьяа зүтгэлийг магтан дуулаад, Чингисийн удмынхныг хамгаалан тэтгэж байхыг түүнд даатгадаг байх ёстой. Дархадууд энэ тайлгад маш хүндэтгэлтэй хандан, энэ тухай ярихдаа ч шивэгнэж өгүүлдэг нь гайхалтай сонин. Дархадын дарга энэ тухай бишрэлтэй байдлаар шивэгнэн хэлэхдээ энэхүү гарилын тайлга бол их хааны жинхэнэ гал голомтын тайлга юм. Гагцхүү Тулуй эзний шүтээний хүмүүс Чингис, түүний онгоны гүйцэтгэх эрхтэй юм гэж хэлж билээ.

                                Чингисийн тэнгэрийг тайх тахилгын тухай

    21-ний өдөр боллоо. Энэ бол их тайлгын өдөр юм. Их тайлгыг бас “Цагаан сүргийн тайлга” гэж нэрлэдэг. Учир нь энэ өдөр түүний анхны саамын сүүгээр тэнгэрт сацал сацдаг. "Цагаан түүхэнд" өгүүлэхдээ энэ өдөр хаан 99 цагаагчны сүүгээр 99 тэнгэрт сацал өргөдөг байсан гэжээ. Энэ их тахилга иймэрхүү байдалтай болж өнгөрлөө. Үүнд арван цагийн орчим цомцог ордны дэргэд Ордосын бүх тайж язгууртан болон тайлганд ямар нэг шалтгаанаар ирж чадаагүй ихэс дээдсийг төлөөлсөн хүмүүс цөм цугларлаа. Мөн бүх дархадууд энд цугларав. Цөмөөрөө, ялангуяа тайж ноёд гоё сайхан хувцаслажээ. Тайж болгон бараа бологсодтой тайж ноёд цөмөөрөө цомцог ордон руу харсан байлаа. Эхний байрыг Хангин ноён-Жонон эзэлжээ. Дархадууд хоёр эгнээ болон Цомцог ордны үүд хүртэл гудам гарган зэрэгцэн зогсов. Тэдний баруун талын эгнээ нь дуучдаас, зүүн талын эгнээ нь зохицуулагчдаас бүрджээ. Жонон ёслолыг албан ёсоор нээж Чингисийн онгонд хонин өтгө өргөв. Бүх дархадууд түүнд туслан тайлгын дууг эмх цэгцтэй сайхан дуулж байлаа. Жонон нэг бол сархад, эсвэл шүүс, зоогийг дээр өргөн хурдан алхлан цомцог ордонд хэдэнтээ оров. Энэ бүхэнд гавшгай шалмаг, бараа бологсод нь туслан гүйлдэнэ.
      Чингисийн онгоныг биеэр тахин тайж буй дээдсийг харах гэж олон мөргөлчин тал талаас нь шавжээ. Жононгийн дараа тайж ноёд дэв зэргээр ээлжлэн ёслол үйлдэв. Малгайтайгаа дөрвөн хуруугаа духандаа хүргэн ёсолж мөргөдөг юм байна. Тайлгын эхний хэсэг өнгөрмөгц жонон болон бусад ноёд дээр өгүүлсэн бүх онгон шүтээнд дэс дараалан мөргөсөөр яваад гүүний сүүтэй хөнөгт ойртон очлоо. Тэгээд хөнөгийн хойд талд гаран хөнөг рүү харж сууцгаалаа. "Бор өндөр" хэмээх энэ бор сав дүүрэн сүүтэй байлаа. Хөнөгийн урд талд цагаан эсгий дээр өндгөн цагааныг баруун хойш, өөрөөр хэлбэл цомцог ордон руу харуулан уяжээ. Цагаан морины дэл сүүлийг өнгө өнгийн туузаар чимсэн байлаа.
     Өндгөн цагааны цаад талын зэлэн дээр унага, гүү багшран үзэгдэнэ.
     Тайж ноёдоос баруун тийш дөчөөд сажин зайтай газарт хэргэм зэрэгтэй дархадууд тайж ноёд болон ард олноос буруу харсан мэт, цомцог ордон руу харан сууцгаачихжээ. Энэ хэсэг дархадын дэргэдүүр баруун хойш нь цомцог ордныг чиглүүлэн хонины ноосоор ороосон дэрсэн гадаснуудыг цувуулан зоолоо. Үүнийг "Залма буюу тэнгэрийн суудал" гэж нэрлэнэ. Дэрсэн гадас болгонд есөн үе гарган ноос зангиджээ. Энэ зангилаа нь нийтдээ 99 байх ёстой тул дэрсэн гадасны тоо 11 буюу тэнгэрийн тоогоор 99 байх учиртай ажээ. Дэрсэн гадаснуудын хоорондох зай ижилхэн бөгөөд цомцог ордны чигийг заана. Дархадууд болон тайж ноёдын хооронд Чингис хааны морины алтан уяаг орлосон хүн-"Алтан гадас" байрлах ёстой. Алтан гадасны урд талд алтан бичгийг дуудагч багш зогсох ёстой юм байна. Энэ хоёр хүнийг байрлуулахын өмнө (Агдал саах) буюу сууж буй дархадууд. ноёд тайж нарын хоорондох (Зайг багасгах) хэлэлцээр боллоо. Жонон тусгай хүн илгээж дархадуудад хадаг барин (гүйдлийн) газрыг ойртуулан саая гэж айлтган гуйхад дархадууд хоорондоо зөвшин ярилцаад байр суурин зүгээр байж өөрчлөхгүй гэж хэлүүлнэ. Тусгай хүмүүс дархадуудад хэд хэдэн удаа хадаг барьсны тоогоор дархадууд байраа бага багаар өөрчлөн ойртуулна. Энэ мэт бүх дархадад хадаг түгээсний дараа дархадууд эцсийн байраа эзлэх бөгөөд энэ зайнд Алтан гадсыг болон Алтан бичиг дуудагчийг байрлуулав. Дархадууд Алтан гадсыг чухам хаана байрлуулах газрыг зааж өгөөд холдон одлоо. Алтан гадас цомцог ордон руу Алтан бичиг дуудагч Алтан гадас руу харан зогсжээ. Жонон хүрч ирээд Алтан гадасны хөлийг элсээр булаад “тайлга дуустал  бүү хөдөл” хэмээн элсэн дээр нь тэмдэг тавилаа. Гадас болох хүн урьдаас дасгал бэлтгэлтэй байдаг тул өдөржин огт хөдөлгөөнгүй зогсч чаддаг байна. Үдэш харахад хөлийг нь булсан элсэн дээрх тэмдэг хэвээр байсан шүү. Ийнхүү тайж ноёд Чингис хаанд мөргөх зам тавигдлаа. Цомцог ордон унгарил буюу тэнгэрийн зам Алтан гадас, Алтан бичгийг дуудагч цөм нийлээд тэр зам нь болдог ажээ. Одоо сацлага эхлэхэд бэлэн болжээ. Жонон бараа бологсдоо дагуулан эсүгийн хөнөгт хүрч очоод, мөнгөн аяганд эсүг дүүргэж аваад хурдан хурдан алхлан явж Аптан гадасны өмнө талаар нь тойрон Цомцог ордон руу эргэн сацлаа сацаж доор мэхийн ёслов. Сацал сацагч (залма) буюу хонины ноосон зангилаатай дэрсэн гадаснуудын эхэнд зогсоод, тэдгээрийн заасан чиг рүү буюу Цомцог ордны зүгт сацлаа сацаж байгаа хэрэг юм. Жонон өерийн биеэр гурван удаа сацал сацсаны дараа бусад тайж ноёд сацал өргөв. Тэд есүүл байлаа. Сацал сацах тоог Алтан бичигт зааснаар бол сацал өргөгчинй цол хэргэмээс хамааран есөн ес буюу арван арван нэгийн хооронд хэлбэлзэх ёстой ажээ. Гэвч одоо үед, Алтан бичгийг өндөр дуугаар дуудан, хэн хэдий аяга эсэг сацах ёстойг хэлж өгч байгаа ч гэсэн ёс заншлыг тэр бүр гүйцэд биелүүлэхгүй байгаа бололтой. Гэвч нэг талаар тайж ноён хүн олноор оролцдог, нөгөө талаас хүн    болгон гурваас доошгүй удаа сацал өргөдөг болохоор сацлын нийт too дүрэм журамд зааснаас хэрхэвч цөөн болдоггүй буй заа. Гүүний сүүгээр тэнгэрт сацал өргөх талаар "Алтан бичиг"-т ингэж бичжээ "Хаан жонон нар өндгөн цагааныг цагаан эсгий дээр зогсоож дэл сүүлийг гурван есөн цагаан торгон туузаар ороож чимэглэх ёстой.Алтан саванд гүүний эсүг сөгнөөд өмнө нь хонины ноос зангидсан залма хатгаарай. Тэнгэрт залбиран мөргө. Есөн мөнгөн аягаар сацал сацаарай. Алтан гадсыг бүүхөдөлгө гэжээ. Цааш нь шүлэглэн бичсэн хэсгийг "Алтан бичиг"-ийг дуудагч их дуугаар дуудан уншлаа. Хамгийн сүүлд нь өндгөн цагаанд мөн гүүн зэлийг тойруулан сацал сацлаа. "Алтан бичиг"-т цааш өгүүлсэн нь: "Өндгөн цагааны зөв ташаан дээр мөнгөн хундага тавь. Амсар нь дээш харж унавал залбиран ав. Уруу харж унавал дахин дахин тавьж шинж. Үүний дараа суудалдаа сууж, их түгээлийн зэрэг дэвээр эсүг түгээ. Дараа нь хаан, жонон хоёр бор өндөрт оч. Бор өндрийн   ёроолд үлдсэн эсүгийг Боржигины хаан, түүний дөрвөн дүү, есөн өрлөг автугай. Өөр хэнд ч бүү өг”.
    Тайж ноёдын дараа ард олон өөрөөр хэлбэл хүссэн хүн бүхэн сацал сацав. Олон хүн гутлаа тайлаад хөл нүцгэн цацал өргөж явлаа. Эсүгийн хувин том, цацлын аяга жижиг сацал өргөх хүн олон тул сацал үдэш орой болтол үргэлжилж газрын хөрс эсүгт дэвтэн шалбааг болох ажээ. Сацал өргөх ёслол үдэш орой болсон хойно төгслөө. Энэ ёслолыг төгсгөхийн тулд жонон болон бусад ноёд дахин ирэв. Эсүгийн үлдэгдлийг сурвалжит тайж нарт, тухайлбал Чингис хаан болон түүний есөн өрлөгийн удам угсааныханд хийж өгөөд жирийн ард олонд амсуулсангүй. Дараа нь мөнгөн хундаганд эсүг мэлтэлзтэл дүүргээд өндгөн цагааны зөв ташаан дээр тавиад яаж ойчихыг нь хүлээв. Хундаганы амсар дээш харан ойчвол энэ жилдээ өлзийтэй сайн байх нь гэж үзээд шинжих явдлыг зогсооно. Хэрвээ хундаганы амсар уруу харж ойчвол муу ёр гэж үзээд эсүгтэй хундагаа дахин дахин тавьж ерөөл бэлгэтэй шинж гартал үргэлжлүүлнэ. Үүнийг ерөнхийд нь "хундага тавих" гэж нэрлэнэ. Сацал цацсаны дараа хонь гаргаж, махыг нь чаналаа. Чанасан шүүсийг Чингис, түүний их хатан хоёрт эхлээд өргөж дараа нь бусад хатдын онгонд өргөв. Энэ тайлга ёслолын үеэр өчиг өчиж, дуу дуулж, сархад сөгнөж байлаа. Чингисийн онгонд адуун өтгө өргөх үеэр    өчиг өчлөө.



                                                                      Б. Ринчен
                      Монгол дахь Чингис хааны шүтээнд зориулсан тахилга

     Зүүн монголд Чингис хааны дурсгалд зориулсан хоёр сүм байсан. Түүний нэг нь монголын баруун хэсэгт орших тэр үеийн Луу гүний хошуунд, нөгөө нэг нь монголын зүүн хэсэгт байжээ.
     Луу гүний хошуунд байсан сүмийг Чингис хааны цагаан сүлдэнд зориулж байсан ба тэрхүү сүлд нь одоо Үндэстний түүхийн музейд хадгалагдаж байна. Энэ цагаан сүлдийн утга учрыг тайлбарласан бөө мөргөлийн дуулагын хэлбэрээр бичигдсэн эх бичмэл нь тухайн сүмд хадгалагдаж байсан боловч цагийн аяст устан алга болжээ. Харин зүүн монгол дахь сүмийг Манжийн хаан Мозүнгийн эрх барьж байсан үе даруй Бүрэнт засагчийн гуравдугаар он (1866 )-д, Хэрлэний Барс хотын Чин ван Тогтохтөр "Баян өрхт" гэдэг газар байгуулсан бөгөөд түүнийг Чингисийн шүтээний сүм хэмээн нэрлэсэн байна. Энэхүү шүтээний сүмд Чингис хаан хийгээд түүний их хатан, есөн өрлөг жич Чингис хааны байлдан дагуулсан улс гүрний ахлагч нарын дүрийг бүтээн байрлуулсан байжээ. Энэхүү сүмүүд нь хэзээ хаана ч тодорхой тэмдэглэгдээгүй байсан. Тэдгээрт яг л манай зууны 30-аад оны үеийн Наянтай вангийн өвөг дээдсийнхээ дурсгалд зориулсан сүмээс олдсон шиг үнэт олдворуүд болох эртний гар бичмэл, нум сум, хуяг дуулга, илд бамбай, туг дарцаг зэрэг олон тооны зүйлс хадгалагдаж байсан байна. Энэхүү сүмийн тахилга ёслол, хэв заншлыг эдүгээ хүртэл шинжлэх ухааны үүднээс тэмдэглэж судлаагүй байгаа. Харин бичиглэгч надад аз тохиолдож Чингис хааны шүтээн сүмд эртний магтаалыг олж авах боломж олдсон юм. Тэрхүү бөө мөргөлийн дуудлагын хэлбэртэй бичмэлийг урьд Ордосын эзэн хороон дахь  Чингис хааны тахилгын ширээний өмнө уншдаг байжээ.
      Их монголч эрдэмтэн байсан доктор Жамсраногийн бичсэнээр бол Ордос нутаг нь Хуан ше хэмээх нум шиг голд хүрээлэгдэн орших буюу. Монголчууд түүнийг "Бор тохой", "Саран нум" хэмээн нэрлэдэг. Ордос нь долоон хошуунаас бүрддэг. Даруй Далд, Зүүн гар, Хангин, Ван, Засаг, Үүшин, Нутаг зэрэг долоон хошуунаас бүрдэх бөгөөд энэ нь Их зуугийн чуулганыг үүсгэнэ. Ордост Чингис хааны шүтээнийг харж хадгалж байхаар томилсон Дархад нэрт 1000 өрх айл байсны 500 өрх нь нэлээд дээгүүр зэрэг дэвтэй жонон гаралтай улсууд байв. Энд Үүшин, Далд, Хангин, Хэрэйд, Цахар, Тангуд, Уйгуржин хэмээх үндэстэн байдаг.
     Жамсраногийн судалснаар Ордост Чингис хаан болон түүний дөрвөн хатан болох Бөрт, Хулан, Есүй, Есүгэн нарын дүр бүхий шүтээн байдаг. Үүнд Чингис хаан их хатантайгаа хамт дүрслэгдэж байгаа бөгөөд тэднийг их эзэн хэмээнэ.
     Хулан хатныг бага эзэн гэж, их эзнзэс нэг их холгүй газар тахигдана. Харин Есүй, Есүгэн хоёр зүүн гар эзэн хэмээгдэж "Зүүн гар" хошуунд тахигдаж байна. Энэхүү таван хүний шүтээнээс гадна Ордост Тулуй болон түүний эш хатанд зориулсан шүтээний орд байдаг. Тэр нь отог хошууны саваас наахна Хангин хошуунд буй. Дээр дурдсан хүмүүсийн дурээс гадна Чингис хааны хэрэглэж байсан нум сум, эмээл хазаар, хэт хутга, савх гэх мэтийн дурсгалт зүйлс байдаг. (Жамсраногийн гар бичмэлийн № 62, Жамсраногийн Зүүн монгол, өмнөд монголын Ордос нутагт хийсэн аяллын тэмдэглэлээс, 1909 -1910 ). Ордос нутаг дахь дархадуудын дунд маш олон сонирхолтой  уламжлал яриа, домог үлгэр хадгалагдаж ирсэн ба хувь хүний номын сангуудад бөө мөргөлийн хэлбэрээр бичигдсэн эртний үнэт гар бичмэлүүд хадгалагдаж байдаг.
     Миний хийсэн аялал маш их үр бүтэмжтэй болсон ба өнөө болтол судлагч эрдэмтдийн олж мэдээгүй Чингис хааны шүтээний орд лугаа холбоотой түүхт материалууд Азийг судлах төвд нийтлэгдэх болно. Тэрхүү эмээлүүд 17-18-р зуунд хамаарагдах ба түүний гэрээн дээр шөвгөөр цохиж бичсэн цахарын Лигдэн хааны үеийн бичигт хэлсэн нь "Тэмүүжин сод Богд Чингис хааны ёст ач Лигдэн хутагт бээр Чингис дайчин сэцэн хаан сод эцгийн наян найман цагаан гэрт мөргөж хан их орондоо суун алтан амиа гуйхад баруун түмний ... жонон өргөсөн эмээл ..." гэжээ. Энэ эмээлийг баруун түмний захирагч жонон бээр Чингис дайчин сэцэн хааны найман цагаан гэрийн өмнө Лигдэн хутагт Чингис хааны албан ёсны үе залгамжлагч болсон үед өргөн барьсан байна. Нум нь мөнгөн хүрээтэй маш эртний эд байж, гадар үзэмж нь европ болон Чехословакийн, Москвагийн музейнүүдэд хадгалагдаж байдаг 13-р зууны үеийн монгол нумыг санагдуулахаар адилхан байв.
      Дархадууд Чингис хааны найман цагаан гэрийг хэрхэн хуваарилсан нь маш сонин байлаа. 1. Чингис эзэн 2. Хоёр эзнийг 3. Бор жолоо 4.Хулан хатан буюу бага эзэн 5. Зүүн гар эзэн 6. Өндгөн цагаан 7. Бор өндөр 8. Зандаа эзэн ( сангийн эзэн ). Эдгээрээс гадна, Чингис хааны хар сүлд хэмээх чухал сүлд буй. Тэрхүү сүлдийн хамт мөн цэргийн хэнгэрэг нь хадгалагдаж байдаг байна. Хар сүлд нь аугаа их заслал, ялалт, байлдан дагууллын сүр хүчийг бэлгэдсэн байдаг. Хар сүлд нь Эзэн хорооноос зүүн урагш 50 бээрийн газарт байдаг. Жамсраногийн бичсэнээр Эзэн хороо нь түрүү зууны далаад оны сүүлчээр талагдаж дээрэмдэгдсэн байжээ. Тэгэхэд авдрын дотор хадгалагдаж байсан мөнгөний зүйлс, мөн гурван хэлтэй мөнгөн тулга гэх мэт их хэмжээний зүйлс хулгайлагдсан байв. Дээрэмчид тэднээс иххэмжээний зүйлсийг авсан боловч зарим зүйлсийг шүтээнийг хамгаалж буй дархдуудад буцааж өгсөн байна. Энэхүү дээрмийн үед дөрвөн дархад амь
үрэгджээ.
      Хамгийн харамсалтай нь гэвэл дээрэмчид авдарт байсан их хэмжээний гар бичмэл судар номыг шатаасан байв. Үүнд өртөгдөөгүй үлдсэн гар бичмэлүүдийн утга нь тодорхойгүй бөгөөд түүнийг гаргаж уншихаас ч айх болжээ. ( Жамсраногийн зохиолоос ... )
     Аюур өвгөний ярьснаар бол Чингис хааны шүтээний урд дахь тэрхүү гар бичмэл байгаа авдрыг хэн ч онгойлгож болохгүй, хэрвээ онгойлгоход хүрвэл тэр хүний нүд нь сохрох учиртай. Тэр хэлсэн нь: "Лигдэн хаан нэг удаа авдрыг онгойлгохыг завдан тагийг нь хагас сөхтөл түүний нүд нь ухархайнаасаа гарчихсан гэнэ. Тэгээд эргэж хаагаад, тахил өргөж, хурал ном уншуулсны дараа сая нэг хараа орсон гэнэ.
      Чингис хааны шүтээнийг хожим нь гоминданы бүлгийнхэн авч яваад байсныг нэлээд хэдэн жилийн дараа эргэж Ордост буцаан авчирчээ. Чингисийн шүтээний илрүүлгэд оролцсон Өвөр Монголын Өөртөө Засах Орны тэргүүлэгч Улаанхүү надад ярихдаа "Тэрхүү шүтээний бичиг баримтад Чингис хааны адуу тэмээний үр төл, хойч үе гэгдэх шарга морь, цагаан тэмээний тухай дурдсан байдаг. Мөн айраг хийдэг модон сав суулганууд хадгалагдаж байдаг" гэв.
      Ордост алтан ургийн хамгийн сүүлчийн хаан гэгддэг Лигдэн хааны алаг сүлд мөн хадгалагдаж байх ба тэр нь хангин ноёны шангаас хойт зүгт нэг холгүй газар байдаг гэнэ. Түүнийг Чингис хааны хар сүлдтэй хольж сольж ойлгож болохгүй гэж Жамсрано бичжээ. Жамсрано бол 1910 онд Чингис хааны шүтээн хадгалагдаж байгаа Ордос нутгийн Эзэн хороонд очиж, их хааны дурсгалд зориулсан найман цагааан гэр жич Чингис хаан болон түүний хатдын дурсгалд зориулан үйлддэг хаврын цагаан сүргийн тайлгыг үзэж тэмдэглэж чадсан цорын ганц судлагч юм. Түүний сонирхолтой материалуудыг өнөө хүртэл мэдээлээгүй байх тул бичиглэгч би бээр энэхүү эрдэмтний тэмдэглэлээс хэд хэдэн зүйл дээр эш татаж санал бодлоо хуваалцахаар шийдлээ.
      Би энэ оны нэг сарын эхээр Ленинград Энэдхэгээс ирээд Монгол явах гэж байхдаа 1957 оны зун Ордост хийсэн тэмдэглэлүүдээ доктор Жамсраногийнхтой харгуулж үзэв. Жамсраногийн бичсэнээр Чингис эзний их гэрийн хойморт том мөнгөн авдар байх бөгөөд түүний зүүн талд мөнгөн нум сум буй. Мөнгөн авдрын өмнөх жижигхэн ширээн дээр олон зул ба хэд хэдэн жижиг аяга байна. Шүтээний өмнөх зайд Чингис хааны гал голомт болох мөнгөн тулга байна. Авдрын зүүн талын ширээн дээр Цагаан дар эх болон Бадамсамбууг залсан байна. Энэхүү их гэрийг тавьсан том тавцангийн баруун хойт буланд "Сан" гэж нэрлэдэг жижиг гэр байх бөгөөд түүний дотор тахилгын хэрэгсэл болох мөнгөн цөгц, аяга, цар, таваг тэргүүтнийг тавьдаг. Их гэр даруй цомцог ордын зүүн талд манаач нарын суудаг жижиг гэр байрлана. Их гэр ( цомцог ) бүхий газрын хойт хэсгийг банз хашаагаар хүрээлсэн байна. Өмнө хэсэгт нь харин хашаа үгүй. Тавцангийн хажуугаар хэдэн алд газрын зайд шавраар барьсан гэр байдаг. Энд тахилгын идээ будаа, мах цайг чанадаг аж. Тэр нь нэг ёсны гал тогоо юм. Их гэрээс хойш тавин   алд хэртэй газарт Дархадуудын амьдардаг жижиг гэрүүд байдаг. Дархадууд Чингис хааны онгонд зориулж жилд дөрвөн удаа том тахилга хийдэг. Үүнд: Чингис хааны мэндэлсний дурсгалд зориулж өвлийн эхэн сарын шинийн гурванд, анхны гүүний сүүгээ 99 тэнгэртээ өргөсний баяр, хаврын сүүл сарын хорин нэгэнд гүү барьж айраг бэлтгэсний баяр, намрын дунд сарын хорин нэгэнд тус тус ёсолдог байв.
Жамсрано бээр нэг удаа хаврын тахилгад байлцсан ба түүнийхээ тухай ингэж тэмдэглэсэн байна.
(Жамсраногийн тэмдэглэлд байгааг энд бичээгүй болно) Энэхүү Жамсраногийн тэмдэглэсэн нь их эзний тайлган талбайн байрлалт нь Ар Монголын ёс заншилтай адил байна. Мөн Жамсраногийн бичсэнээр "Нууц товчоо"-д гардаг Хуагчин эмгэнд зориулан тахил өргөдөг. Тахил өргөхдөө тахилын зүйлсийг галд өргөж тахидаг бөгөөд тэрхүү галын цучлаас гал залгуулж Чингис хааны шүтээний өмнөх зулыг асаадаг байна. Тийнхүү Хуагчин эмгэнд өргөсөн тахилгын галаар их эзний шүтээний зулыг асааснаар энэ хоёр хоорондоо мөнхөд холбоотой болдог.
       Шүтээний өмнөх зул ингэж дараачийн тахилга хүртэл унтралгүй асах ёстой.
          ( Чингисхааны шүтээний тухай материалаас. № 62.17-р хуудас )
      Нүүдэлчин аймаг буудаллаж гэр хороогоо барихдаа бас л тогтсон ёс ном, эрэмбэ дараатай байдаг. Жишээлбэл : Бага залуу хамаатан саднууд Чингис хааны өргөөний зүүн тал ба зүүн хойд талд гэрээ барьдаг гэх мэт. Энэ бүх баримт материалыг цуглуулж авах зөвшөөрлийг олохын тулд Жамсрано бээр Дархадуудын дагууллаар их хааны шүтээнд сархдаар тахил өргөх үед тэд огт мэдэхгүй хэлээр магтаал дуулж байхыг анзаарсан байна. Гэхдээ Жамсрано юу ч ойлгож чадаагүй бөгөөд ер нь сонсч буй хүмүүст ойлгогдохгүй байхаар бодож хийсэн мэт л байжээ. Тэр дуунуудаас зөвхөн нэг "аллах аллха шиджи аллха" гэх мэт үгийг л ялган сонсч байлаа. Ямар хэлээр дуулж байгааг нь асуухад, бид тэнгэр бурхны хэлээр дуулж байна хэмээн Дархадууд хариулах аж. Үнэндээ Дархадууд өөрсдөө ч ямар учиртай үг хэлж байгаагаа үл мэдэх аж. Энэ бүхнийг бичиглэгч би бээр 1957 оны зун Ордосын Эзэн хороонд очиж Дархадуудын дунд гурван өдрийг өнгөрүүлэх боломж олдсоноор бага сага ойлгож билээ. Тэр үед БНХАУ-ын засгийн газар хуучин шүтээний талбайгаас хагас километр зайтай газар Чингис хааны онгонд зориулсан сайхан сүм байгуулсан байв. Тэр сүм нь нэгэн элсэрхэг толгой дээр баригдсан байх ба мөнгөн малгай дарах хэлбэр бүхий гурван бөмбөгөр оройтой. Дээвэр нь нарны гэрэлд алтран шаргалтаж өнгө өнгийн паалан хана нь гялтганан их л сайхан сэтгэгдэл төрүүлж байв. Энэ сүмд Чингис хааны их өргөө, бөх Бэлгүтэйн орд, Тулуй эзэн ба түүний хатны орд шиг Алаг сүлд гэх мэт олон зүйлсийг тавьсан байлаа. Таван зуун өрх шар дархадуудаас долоон хүнийг энэ сүмийг харуулж хамгаалуулахаар тавьсан байх ба эдгээр хүмүүс нь cap бүр тогтсон цалин пүнлүү авч байв. Энэ долоон Дархадын хамгийн настай нь Жамсрано бээр 1910 онд хавар Ордост очиж Чингис хааны шүтээний материалыг цуглуулахад дэргэдээ байлгаж тусалсан дархадын Насанцогт даргын ач Аюур өвгөн байлаа. Аюур 1910 оны үед 12 настай байсан ба тэрээр Насанцогт дарга болон нэрт монголч эрдэмтэн хоёрын яриаг сайн санаж байв.
     Би бас Жамсрано Ордост ирээд хэрхэн сархдаар тахил өргөж, үзэж судлах зөвшөөрөл авсантай адил сархад тавагт идээгээр эртний монголын заншлаар асар их татаж байв. Намайг тахилын ширээ рүү ойртох болгон нэг дархад намайг ямагт дагах ба тэрээр магтаалыг дахилт дээр нь даган уншиж байв. Дараа нь миний баруун талд сууж байсан сөнч надад нэгэн мөнгөн бариултай жүнзэнд сархад хийж барив. Нөгөө Аюур өвгөн магтаалыг тэнгэр бурхны хэлээр дуулж л байлаа. Тахилын ширээн дээр мөн архи хундагалан тавьсан харагдана. Би сөгдөж суугаад Чингис хааны өглөг хэмээгдэж байгаа хундагатай архинаас амсаад надтай замын хань болж Хөх хотоос ирсэн Их зуу аймгийн захиргааны төлөөлөгч хятадад өгөв.
     Энэ бүхнийг Чингис хаанаас надад хүртээж буй их өглөг хэмээн үзэх аж. Дараа нь би "Сан"-д орж цай идээгээр дайлуулав. Хөгшин дархад өвгөн Аюуртай ярилцах хооронд өөрийгөө хойт монголын эртний овог аймгийн нэгэн Еншөөбүүгээс гаралтайгаа мэдэж авлаа. Энэхүү хойт монголын Еншөөбүү хэмээх аймгийн айраг аягалах үед уншдаг магтаал нь Чингис хааны онгоны магтаалд байдаг ба эдүгээ Өвөр Монголчууд энэ магтаалыг уншдаг тухай сэтгэл хөдлөн ярьж байв. Түүнчлэн тэд миний эх боржигин овгийн хүн болох тухай болон намайг Чингис хааны онгон шүтээнийг шинжлэх ухааны үүднээс судлах зорилготой явааг минь мэдэж их л сайшааж байлаа. Ингээд тэд надад урьд Жамсраногийн дурсан ярьж байсан нэг боодол эртний гар бичмэлийг өгөв. Тэдгээр гар бичмэлийн хоёр нь их айраг үнэртсэн, усанд норсон болов уу гэмээр гэм толбо үүссэн судар байлаа. Түүнд "Монголын нууц товчоон"-д гардаг Хэрлэн голын нэрийг Хэлүрэн гэж бичсэн байлаа. Би дархадуудаас тэрхүү мэдэхгүй хэлээр дуулаад байгаа магтаалын уул утгыг тайлбарлаж өгөөч гэхэд, тэд мөн л Жамсранод өгсөн хариултаа давтсан юм. Дараа нь би Богд эзэн Чингис хаандаа үнэнчээр зүтгэж байгаа гэж өөрийгөө боддог Аюур өвгөнтэй уулзаж ярилцахад тэр, "Бид хэзээ ч, ямар ч гаднын хүнд энэ тэнгэр бурхны хэлээр бичигдсэн маггаалыг хэлж байгаагүй. Гэвч яах вэ, таны гарал үүслийг тань хүндэтгэх шалтгаантай юм. Юу гэвэл, таны овог аймгийн магтаал дууг бид одоо хүртэл дуулсаар байна. Цаашилбал, та чинь Чингисийн алтан ургийн хүн тул гаднын хүнд тооцогдохгүй байж болох талтай. Дээрээс нь та муу санаа өвөрлөж ирээгүй, шинжлэх ухааны судалгааны зорилгоор ирсэн. Иймд эзэн Богд, танд өөрөө лав л зөвшөөрөл өгөх байсан биз" гэв. Дараа өдрийн орой Аюур өвгөн Богд хаандаа мөргөл үйлдэхдээ намайг байлгав. Шүтээний өмнө зул хүжийг сайтар гэрэлтүүлж байлаа. Чингис хаан адис хүртээлээ. Өвгөний ярихаар, магтаалыгзөвхөн шүтээний өмнө дуулдаг гэнэ. Маргааш өглөө би тэсч ядан хүлээж байлаа. Өвгөн сүмийн үүдэн дээр надтай уулзаад дотогш оров. Тэр, шүтээний өмнөх зулыг асааж мөргөөд намайг дэргэдээ байлгах тухай зөвшөөрөл авав. Ингээд тэдгээр магтаалаа дуулж эхлүүлэв. Үгс нь ер ойлгогдохгүй, мөн л гүйцэж бичиж амжихгүй, дахин давтахад нь орхисон зүйлээ нөхөж байв. Сүүлдээ хөгшин ядарч эхэллээ. Хамгийн сүүлийн магтаалыг бараг дуусгаж байхад аль хэдийнэ үдшийн гурван цаг болсон байв. Тэрээр эхлэхдээ магтаалаа тэнгэр бурхны гэгдэх үл ойлгогдох хэлээр эхлээд төгсгөлд нь эртний монгол хэлээр дуулав. Зогсоогоороо тасралтгүй удаан хугацаагаар дуүлсандаа хөгшин их ядарч байсан тул зөвхөн эхний хэсгийг нь л бичиж амжаад байсан магтаалын монгол текстийг дахин уншиж өгөөч гэж гуйж зүрхлэхгүй л байлаа. Энэ өдөр Эзэн хороонд байх миний хамгийн сүүлчийн өдөр байв. Машин намайг хүлээж байсан. Бид тэр өдрөө л Их зуу аймгийн төв Дуншен хот хүрэх ёстой юм. Ингээд би сайхан сэтгэлт өвгөнд талархсанааа илэрхийлээд, дараагийн удаа ирэхдээ дуу хураах машинтайгаа ирж таны дуулахыг бичиж авна гэж амлав. "Хэрэв та дахин энд ирээд Богд эзэн, танд магтаал дуулж егөхийг зөвшөөрвөл би танд дахин туслахад бэлэн байна" гэж өвгөн хэлэв. "Энэхүү магтаалыг ганц л хүн үеийн үеэр дамжин дуулах ёстой. Би ч намайг залгамжлах нэг л хүнд зааж өгөх ёстой. Би үүнийг авга Насанцогтоос өвлөж авсан юм. Сүүлээр өөрийн хөвгүүндээ зааж эхлээд байтал тэр маань үгүй болчихсон юм. Богд эзэн, түүнийг миний залгамжлагч болохыг хүсээгүй. Харин одоо би үүнийг ачдаа зааж байгаа. Тэр, хоёр сарын турш ердөө сая, найман магтаал сураад байгаа. Магтаалын, бурхны хэлээр дуулагддаг хэсэг нь аль Зүүнгарын эзэн байх үеэс уламжлагдан ирсэн ба би ч утгыг нь мэдээгүй. Бидний үед зөвхөн Чингис хааны магтаал л дуулагдан үлдсэн" хэмээн хоёр өвгөн салахын ёс хийхийн өмнө хуучилсан юм. Энэ магтаалд "uhuan" хэмээх үг дайралддаг. Тэр нь хятадын Булагийн хавиар нутаглаж байсан эртний ард түмэн " u-huani''-ийг санагдуулж байв. Магадгүй энэ эртний бичиг энэ мөхсөн үндэстний хэлийг хадгалж үлдсэн ч юм билүү. Эсвэл эртний төвд хэлний аялгуугаар бичигдсэн ч юм билүү... Энэхүү тэнгэр бүрхны хэлээр бичигдсэн гэх магтаалыг Хубилай хааны өвөг дээдсийн шүтээний сүм дэх Чингис хааны дүрийн өмнө уншдаг магтаалтай төсөөтэй байж магадгүй.
     Дорно дахиныг судлагчид судалж мэдэх боломж гарна буй заа гэж найдъя. Аюур өвгөний надад дуулж өгсөн магтаалыг дор бичив. Бусад хошуудын шүтээний өмнө дуулдаг магтаал нь Аюур өвгөний дүгнэж хэлэхээр бол түүний авгын зааж өгсөн магтаал лугаа ялгал үгүй .
   Хэлбэрийн хувьд ч, текстийн хувьд ч харин өөр гэж үзэж байв.Би өөр хошуунд дуулагддаг ийм магтаалыг уулаас нь буулгаж аваад Дархадад үзүүлэхэд тэднийхтэй адилгүй өөр төрлийн байна, бид мэдэхгүй юм байна гэв. Энэ буулгасан материалын үг болгоны ард аялгуулан хэлэх учиртай мэт долгиолсон шугамтай байлаа. Энэ бүхэн нь аялгууг илүү их мэдрэх гэсэн чиглэлтэй эртний төвдийн бичгийн нэг урсгал гэдэг нь эргэлзэх аргагүй болж байв.


 Найман цагаан шүтээний нэг "Өндөгөн цагаан"  


                         "Алтан гадас"  Рашид Ад Дин "Судрын чуулган" 14-р зууны эхэн үе

                                          Чингис хааны онгон шүтээний тайлга тахилга

                               

No comments:

Post a Comment