Tuesday, April 12, 2011

Нэгэн гэр бүлийн хувь тавилан




Эцэг: Николай Степанович Гумилёв
(1886-1921)
Николай Степанович Гумилёв нь Оросын “Мөнгөн зуун”-ы алдарт яруу найрагч, уран зохиолын “акмеизм” урсгалыг үндэслэгч мөн Африк тивийг судлаач хүн байв.
-1896-1906 онуудад Царское село (Хааны тосгоны) гимназид суралцсан.
-1906 онд Францын Сорбоны Их сургуульд суралцаж эхэлсэн.
-1908 оноос Африкаар аялж ,судалж эхэлжээ.
-1912 онд уран зохиол урлагийн “акмеизм” урсгалаа тунхаглав.
- Санкт-Петербургийн Их сургуульд суралцсан.
Багаасаа бие муутай хүүхэд байсны хувьд цэрэгт эрүүл мэндээрээ тэнцээгүй. Хэдий тийм ч 1914 онд Дэлхийн I дайн эхлэхэд дүүтэйгээ хамт сайн дураараа армид элсэн дайн тулаанд оролцож эхэлжээ. Дайны талбар дээр эр зоригт гавъяа байгуулсныхаа төлөө хоёр удаа “Георгийн загалмай” одонгоор шагнагдаж явсан. Тэр үеийн олон яруу найрагчид цэрэг, эх орны сэдвийн шүлэг бичдэг байсан ч тэднээс зөвхөн хоёрхон хүн л сайн дураараа дайнд явсны нэг нь Николай Степанович Гумилёв байжээ.
-1917 он хүртэл дайны фронт дээр байсан.
-1918 онд А. Ахматовагаас албан ёсоор салжээ.
-1920 оноос шинэ үеийн Оросын зохиолчдын эвлэлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байв.
Монархист үзэл бодлоо нуудаггүй хүн байсан бөгөөд тийм ч учраас 1921 онд коммунистуудыг эсэргүүцсэн бүлэгт оролцсоны улмаас большевик- чекистуудад буудуулан алуулсан байна. Буудуулах үедээ жинхэнэ дайчин удам угсаатай, цагаан гвардийн офицер хүн шиг байлаа гэж оросын “ногоон малгайтан” чекистууд бишрэн ярьж байсан гэдэг.
Анхны шүлгээ тэрээр 6 настай байхдаа бичсэн.Түүнээс хойш олон шүлгийн ном, жүжгийн зохиолууд туурвиж байсан ба мөн орчуулгын бүтээлүүд хийж байжээ.
Николай Гумилёв өөрийгөө төв азиас гаралтай хүн гэж үзэн гарал үүслээрээ бахархаж шүлгэндээ “би онигор нүдтний удам” ," к твоим глазам приближу татарские глаза мои" гэж бичиж байв. Үнэхээр ч түүний удам сударт монголчуудын Алтан ордны улсаас гаралтай тайж Милюк гэдэг хүн байсан.
Коммунист дэглэмийн үед түүний шүлэг зохиолууд хориотой байсан. Одоо үед бүтээлүүд нь олон мянгаар хэвлэгддэгээс гадна шүлгээр нь дуунууд зохиогддог. Одоо үед дурсгалын хөшөөг нь Коктебель, Бежецк хотуудад босгосон.

Эх: Анна Андреевна Ахматова (Горенко)
(1889-1966)
Анна Андреевна Ахматова нь 20-р зууны Оросын алдарт яруу найрагч, зохиолч, орчуулагч, шүүмжлэгч хүн байжээ. 1920 оноос залуугаараа оросын сонгодог яруу найрагчдын тоонд орсон.
Ардын дайсны охин, хувьсгалын эсэргүү хүний эхнэр, эсэргүү буруу номтны эхийн хувьд бүх амьдралаа нам засаг, до ямныхны байнгын хяналт, дарамтан доор өнгөрөөсөн. Ном зохиолыг нь бараг хэвлэдэггүй байсан бөгөөд зарим зохиол нь түүний нас барснаас бүр 20 жилийн дараа хэвлэгдсэн байдаг. Бүтээлийг нь хэвлэл мэдээллээр байнга муулж түүнийг үл ойшоож байжээ. ЗХУ коммунист намын төв хороо нь1946 онд түүнийг хуучны язгууртны хөрөнгөтний “урлагийн төлөө урлагийг” суртачлагч гэж буруутгасан тусгай тогтоол гаргаж байсан.
Хэдий тийм ч түүний бүтээл олон тооны гадаад дотоодын соёл боловсролтой хүмүүс дунд өндөрөөр үнэлэгдэж байв. 1962 онд тэрээр Нобелийн шагналд нэр дэвшигдэж байсан.
-1964 онд Италийн Этна-Таормина шагнал хүртсэн.
-1965 онд Оксфордын Их сургуулийн хүндэт доктор болжээ.
Бараг бүх амьдралаараа гадаад явах эрхгүй байв. Ойрын найз нөхөд нь байнга хэлмэгдэж байсан. Өөрийн хүнд хүчир эмгэнэлт амьдралын тухай “Реквием” найраглалаа бичсэн байдаг.
Алтан ордны сүүлчийн Их хаан Ахмат хааны нэрийг тэрээр өөрийн урлагийн нэр болгон авсан. Яагаад гэвэл түүний эхийн талын элэнц эмэг болох П.Ф.Ахматова нь эцгийн талаараа Алтан ордны сүүлчийн Их хаан Ахматын удам оросын тайж Ахматовынханаас гаралтай хүн байсан. Харин эхийн талаараа монголын Чагаадай(Цагаадай) хааны удам, оросын тайж Чагадаевынхны хүн болдог. Аль аль талаасаа Чингис хааны удмын хүн байсан байна.
Одоо үед дэлхийн олон оронд түүний шүлгийн ном олон мянган хувиар хэвлэгддэг болсон. Санкт-Петербург хотод А. Ахматовагийн гэр-музей, олон хотуудад хөшөө дурсгалууд нь байдаг ба жил болгон түүний дурсамж, дурсгалын үдэшлэгүүд зохиогдож байна.

Хүү: Лев (Арслан бэх) Николаевич Гумилёв.
(1912-1992)
Тэрээр ЗХУ-ын түүхийн ухааны доктор, газар зүйн ухааны доктор, угсаатан судлаач, яруу найрагч, перс хэлний орчуулагч хүн байв.
Санкт-Петербүрг хотын дэргэдэх Царское село (Хааны тосгон) гэдэг газар 1912 онд төрсөн.
-1930-1934 онуудад төрөл бүрийн экспедицид ажиллаж байв.
-1934 онд Ленинград хотын Их сургуулийн оюутан байсан.
-1935 онд ардын дайсны хүү... гэгдэн баривчлагджээ.
-1937 онд чөлөөлөгдөн эргээд сургуульдаа орсон.
1938 онд дахин баривчлагдан 5 жилээр хилс хэргээр шийтгэгдэн Норильскийн хорих лагерийн (Норлаг) улс төрийн хоригдол болжээ. Норлагд газар ухагч, газрын гүний уурхайчин, номын санч, геологчийн ажил хийж байсан.
Хоригдох хугацаа дууссаны дараа Норильскд гадагш гарах эрхгүй оршин суугч болсон. Энэ үедээ Доод Түнгүүск гэдэг газар том хэмжээний төмрийн орд нээсэн байдаг. Үүнийхээ шагналд сайн дураараа армид элсэх ба дайны фронтод явуулахыг хүссэн хүсэлтийг нь дарга нар нь зөвшөөрсөн.
1944 оны 10-сарын 13-наас сайн дурын байлдагч цэрэг, 1-р Белорусын фронтын байлдагч болж Польшийг германы нацистуудаас чөлөөлсөн ба Берлин хотыг эзлэх тулалдаанд оролцсон. Хэдий олон тулалдаанд эр зориг санаачлага гарган байлдаж байсан ч улс төрийн хэрэгтэн байсны хувьд одонгоор шагнуулж байгаагүй. Дотныхоо найз нөхдийн дунд өөрийгөө цэрэг дайчдын удмын хүн гэж ярьдаг байжээ. Тэрээр цэрэг дайны сэдвийн олон шүлгүүд бичсэн.
-Дайн дууссаны дараа Ленинград хотын Их сургуульдаа эргэн орж 1946 төгссөн .
-1946 онд дэд эрдэмтний цолоо хамгаалсан.
1949 онд ЗХУ-ын Аюулгүй байдлын яамны Онцгой зөвлөл Л.Гумилёвыг зөвлөлт засгийн эсрэг хөдөлгөөнд оролцсон, террорист санаатай байсан, зөвлөлт нам засгийн эсрэг ухуулга явуулсан гэх хэргээр буруутгаж дахин хэлмэгдүүлэн баривчилж 10 жилээр шийтгэсэн байна. Улмаар 1956 онд цагааджээ.
-1961 онд түүхийн ухааны доктор болсон.
-1974 онд газар зүйн ухааны докторын зэрэг хамгаалав.
Лев Гумилёв бол евразийн үзэлтнүүдийн том төлөөлөгч, евразийн үзлийг шинэ шатанд хөгжүүлэн аваачсан, үндэстэн бүрдэлтийн талаар олон судалгаа, шинэ онол, нээлтүүдийг хийсэн бөгөөд төв азийн улс түмнүүдийн түүхийн талаар олон ном туурвисан билээ. Түүний эрдэм шинжилгээний өв уламжлал дэлхий даяар тархсан. Монгол судлалаар олон тооны зохиол бичсэн ба хүннүчүүдийн тухай зохиолоо шоронд байхдаа бичсэн байдаг.
ЗХУ төдийгүй Монгол улсад чЧингис хааныг муулж байх үед Лев Гумилёв Чингисийн Монгол, Төв азийн нүүдэлчдийн нэр төрийг хамгаалан магтан дуулж явсан хүн билээ. Энэхүү үйл хэрэгт бүх насаа зориулснаас гадна ийм үзэл бодлоосоо болж хэлмэгдэж байсан хүн юм. Эцэг эх нь хүртэл Чингисийн цус тээж явдгийн хувьд хэлмэгдэж байв.
Газар газрын “нохой Шариковууд” (монгол гаралтай алдарт зохиолч Михаил Булгаковын хэллэгээр) Хамаг Монголын өндөр өв уламжлал тээгчдийг үгүй хийн устгасан билээ. Монгол улсад ч мөн ижил харь муу гентэй “ногоон малгайтан Шариковууд” монголчуудын сор болсон яруу найрагч Боржигон Дашдоржийн Нацагдорж, Ринчиний Чойном нарыг тамлан зовоож цаг бусаар нас барахад хүргэсэн.
Монгол улсын овог аймаг,өвөг дээдсийнхээ өндөр өв уламжлаа умартсан гурван үеийн ядуу сэтгэхүйтэй удирдагчид Хамаг монголын энэ агуу хүний ганц мөрөөдлийг биелүүлэх сэтгэл санаа дутсан байдаг.
Арслан бэхийн бүх амьдралынх нь ганц мөрөөдөл бол өвөг дээдсийнхээ нутаг Чингисийн Монголд очиж үзэх явдал байсан билээ.




















Лев (Арслан) Гумилёв

Анна Ахматова зураач Амедео Модильяни

1 comment: